Чөлөөт бөхийн ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр Монгол улсын дөрвөн тамирчин гарч барилдах хуваарьтай. Олимпийн бус жин болох 61 кг-н жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, 79 кг-н жинд УАШТ-ий 14 удаагийн медальт тамирчин Д.Гомбодорж барилдах бол олимпийн жин болох 86 кг-н жинд О.Үйтүмэн, 97 кг-н жинд Ө.Батзул нар дэвжээнд гарна.
61 кг-ийн жинд барилдаж буй Т.Тувшинтулга эхний барилдаанаа Японы бөх Кайки Ямагүчитэй хийж 3:1-ийн харьцаатайгаар яллаа. Дараагийн барилдаанаа 23 хүртэлх насны Дэлхийн болон Европ тивийн аварга Оросын Магомедрасул Идрисовтой хийнэ.
79 кг-н жинд Д.Гомбодорж эхний барилдаанаа Хятадын бөх Лин Зепинтэй хийсэн. Харилцан довтолсон, оноо түүсэн энэхүү барилдаанд манай бөх 11:8-аар ялалт байгууллаа. Дараагийн тойрогтоо Словакын осет бөх Таймураз Салказановтой барилдана.
Тэгвэл олимпийн жин болох 86 кг-н жинд өрсөлдөж буй О.Үйтүмэн эхний тойрогтоо Польшийн З.Барановскитай барилдан 3:3 харьцаатай өндөрлөсөн ч сүүлийн бүхэл оноогоор Польшийн бөх ялалтыг авлаа. Одоо манай бөхөд Польшийн бөхийн дараа дараагийн барилдаанаас тэмцээнээ үргэлжлүүлэх эсэх нь шийдэгдэнэ.
97 кг-н жинд өрсөлдөж буй жиндээ дэлхийн чансааны №3-т бичигдэж буй Ө.Батзул Азийн наадмын хошой хүрэл медальт Киргизстаны М.Мусаевтай барилдана. Киргиз бөх М.Мусаев Литвийн бөхийг ялж шөвгийн 16-д манай бөхтэй таараад байна. Энэ хоёрын ялсан нь Герман болон Казахстаны бөхчүүдийн ялсантай барилдана.