Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа төрийн өмчийн сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлж 100 хувь хоёр ээлжинд шилжүүлэх, зарим хороодод сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулахаар тусгагдсан. Тэгвэл өдгөө Улаанбаатарт 26 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм. Ингэснээр сургуулийн сурагчдын суудлын тоо 6840, цэцэрлэгийн хүүхдийн ор 2500-аар нэмэгджээ.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд улсын төсвийн хөрөнгөөр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилгын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж “Барилга байгууламжийг эхлүүлж, эцсийн шатанд хүлээж авч ашиглалтад оруулах явцад алдаа дутагдал цөөнгүй илэрч байна. Тухайлбал, захиалагч буюу хяналт хэрэгжүүлэгч байгууллага нь барилга байгууламжийн шаардлагатай бичиг баримтыг дутуу бүрдүүлэх, барилгын ажлын явцын дунд зураг өөрчлөх, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй асуудал гарч байна. Мөн зарим барилгын зураг төслийг зохиогч байгууллагуудын мэргэжлийн хариуцлага дутмаг байна. Харин гүйцэтгэгч байгууллагууд хяналтаа сул тавьж байгаа бөгөөд зураг төслүүдээс зөрүүтэй гүйцэтгэхийн зэрэгцээ зам талбайн ажил хийхгүй орхих зэрэг асуудал цөөнгүй илэрсэн. Зураг төслийг зохион байгуулагч байгууллагууд цэцэрлэгийн барилгын гал тогооны хэсэг рүү хүнсний бүтээгдэхүүн буулгадаг зайлшгүй шаардлагатай орц гарц талбайг тусгахгүй орхигдуулдаг асуудал ч бий. Эдгээрийг бид дүгнэж цаашид яах хэрэгтэй талаар зөвлөмж өгөн ажиллаж байна” гэлээ.