Монголын Үйлдвэрчний эвлэлээс УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг батлах болон энэ оны улсын төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулан Засгийн газарт тодорхой саналуудыг хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс хямралын нөхцөлд ажилчдыг цомхотгохгүй байх бодлого баримталж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харьяалалаар нь үндэслэлгүй халж, сольж төрийн байгууллагуудын залгамж чанар, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахгүй байх.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт хэлэлцээр болон \”Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолын 1.10 дахь заалтыг хэрэгжүүлж Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг авч иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа иргэдийн нийгмийн хамгаалал, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар ядуурал, орлогын хомсдолыг арилгахад чиглэсэн бодлого баримтлах, Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлтөөс хамгаалж жил бүр индексжүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох төсөвт тусгаж байх асуудлыг цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх хууль гарган зохицуулах, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, зах зээл дээр хэрэглэгчийг хамгаалах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн \”Үнэ бүрдэлтийн тухай хууль”-ийн төслийг нийгмийн түншүүдтэй хамтран боловсруулах зэрэг 10 шаардлагыг Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарт хүргүүллээ.