УИХ-ын ээлжит бус чуулган Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусган ард нийтийн санал асуулга явуулах тогтоол гаргасан билээ. Уг тогтоолоор ард нийтийн санал асуулгыг энэ сарын 30,31-ний өдрүүдэд явуулахаар тогтсон юм. Гэвч “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 73-р тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Мөн Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ард нийтийн санал асуулга, Ерөнхийлөгчийн тавьсан хориг гэх зэрэг асуудлаар зөвшилцөх санал ирүүлснээр улс төрийн шинэ нөхцөл байдал үүсээд байна.
Тодруулбал эрх баригч МАН болон АН-ын хамтарсан зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаж ард нийтийн санал асуулга явуулах эсэх, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, авахгүйг зөвшилцөж шийдэлд хүрэхээр ажилдаа оржээ. Үндсэндээ бол ард нийтийн санал асуулга явуулахад татвар төлөгчдийн мөнгөнөөс 30 тэрбум төгрөг салхинд хийсэх болсоныг ард нийт эсэргүүцэж байгаа. Нөгөөтэйгүүр ард нийтийн санал асуулга явуулахад ирц хүрэхгүй байх магдадлал өндөр, ээлжит сонгууль явуулах хэмжээний их мөнгийг дэмий үрэх тооцоолол зэргээс харахад Ерөнхийлөгийн хоригийг хүлээн авч ард нийтийн санал асуулгыг явуулахгүй байх нь зөв хувилбар байж мэднэ.
Ямартай ч эрх баригч нам болон АН-ын хамтарсан зөвшилцлийн ажлын хэсэг Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, авахгүйг хэлэлцэж, авсан тохиолдолд дараагийн алхам нь юу байхыг нухацтай хэлэлцэж цаашид төрийн ажлыг хэвийн явуулах тал дээр хамтарч ажиллахаар болсон байна.