Та гар утас юм уу компьютерийнхээ нэвтрэх нууц үгийг ойр ойрхон соливол найдвартай хамгаалагдана гэж бодож байгаа бол энэ нь эндүүрэл юм. Ингэснээр та аюулгүй байдлаа бат бэх хангаж байна гэж бодоод хэрэггүй. Харин ч хэн нэгэн таны нууц мэдээлэлд нэвтрэх магадлал өндөрсдөг гэнэ. Ийм мэдэгдлийг АНУ-ын Холбооны худалдааны комиссын технологийн мэргэжилтэн Лори Кранор хийсэн байна.
Тэрбээр ихэнх компаниуд ажилтнууддаа сардаа нэг удаа нууц үгээ сольж байхыг үүрэгддэг гэдгийг өгүүлэв. Түүний тайлбарласнаар бол нууц үгээ ойр ойрхон солих нь аюулгүй байдлын түвшинг ер нэмэгдүүлдэггүй аж. Харин ч эсрэгээрээ хүмүүс амархан тайлж унших боломжтой тийм нууц үгийг ашиглахад хүрдэг гэнэ. Аюулгүй байдлын мэргэжилтэн Брюс Шнайер мөн сүүлийн хэдэн жилийн туршид дэлхийн томоохон компаниудтай үүнийг тайлбарлан ойлгуулах ажил хийсэн ч тэдгээр байгууллагууд үгийг нь сонсохгүй байгаа гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn