Монголбанк 2019 оны эхний 9 сарын байдлаар 11.2 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеийн 14.3 тонн үнэт металл худалдан авснаас 3.1 тонноор бага буюу 22%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Өнгөрөгч 9 дүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31.4 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 104 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.1 тонн үнэт металл худалдан авч байснаас 694 кг-аар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Өнгөрсөн оноос ийнхүү буурсан үзүүлэлттэй гарахад татвар, Засгийн газрын шийдвэр зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байна.
2018 онд 2.5 хувь байсан АМНАТ-ийн хөнгөлөлт дууссанаар алт тушаалтын хэмжээ сард 100 кг хүрэхгүй болж огцом буурчээ. Одоогоор АМНАТ-ийн хэмжээ 5 хувьтай байгаа бөгөөд алт тушаалтыг дэмжих зорилгоор Дархан-Уул, Баянхонгорт алтны сорьц тогтоох лаборатори байгуулжээ.
2019 оны 9 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,726.23 төгрөг байлаа.