УИХ-ын чуулганы хуралдаан одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүд тухайн асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулга авсан юм.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах байр суурийг би дэмждэг. Цэрэг, эх оронч үзлийг ард нийтэд суулгахыг мөн дэмжинэ. Гэтэл нөгөө талдаа мөрдэс зүүсэн хүн ТББ-тай нэгдээд “Эх орон дуудахад нэгдэхэд бэлэн байна” гээд явж байх нь зөв юм уу. Та сая иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй гэж хэлснийг мөрдэс зүүсэн хүн ТББ-тай нэгдэхийг дэмждэг гэж ойлгох уу. Цэргийн алба хаагчид ТББ байгуулаад аймгуудад салбар зөвлөл байгуулан Засаг даргаар тэргүүлэх нь зүйд нийцэхгүй гэж бодож байна. Иргэний хөдөлгөөн, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний асуудал боловч цэргийн алба хаагч, мөрдэстэй алба хаагчдад хязгаарлалт байгаа байх гэж бодож байна.
ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.ГАНЗОРИГ:
-Цэргийн алба хаагчид улс төрөөс ангид байх дүрэм, хууль бий. Таны ярьж буй “Эх орон дуудахад нэгдэхэд бэлэн байна” гэдгийг сошиалд алба хааж байгаа хүн ингэж бичсэн гэж бодохгүй байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Ерөнхийлөгчийн зүгээс аравдугаар сарын 1-нд ЗХЖШ-ын даргын томилгоог зөвшилцөх асуудлыг өргөн мэдүүлсэн. Энд А.Ганбат генералыг удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай тул өөрийнх нь өгсөн өргөдлийг үндэслэн чөлөөлсөн гэсэн байсан. Хуулиар ЗХЖШ-ын даргыг чөлөөлөх асуудлыг зэвсэгт хүчний ерөнхий командлагч түүгээрээ шийддэг учраас байнгын хорооны хуралдаан дээр чөлөөлөгдөж байгаа хүнээс асуух боломж гараагүй. Албан бусаар авсан мэдээллээ энд хэлэх боломжгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-О.Баасанхүүгийн яриад байгаа асуудал ноцтой зүйл шүү. Үүнийг төр анхаарах ёстой. Зэвсэгт хүчин гэдэг бол гадаадын түрэмгийллээс эх орноо хамгаалах ийм чиглэлд ажилладаг хүмүүс. Дотоодын асуудал элдэв улс төр цэргийнхэнд хамаагүй. Генерал хувцас өмсчхөөд фронт гэдгийг байгуулаад явж байгаа нь ноцтой асуудал шүү. Анхаарах асуудал шүү, нэр дэвшигч ээ. Ямар фронт байгуулж, хэнтэй тэмцэлдэх гээд байна. Генерал цолтой хувцас өмсөөд ингэж явж болох уу. Мөрдэс зүүсэн хүн бүхэнд хамаатай асуудал шүү. Өнөөдөр цагдаагийн генерал байж байгаад маргааш нь фронт байгуулаад явах юм уу. Эрүүл биш үзэгдэл.
Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжлээ.
Одоогоор чуулганы хуралдаан үргэлжилж байна.