“Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хувьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 240 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, Г.Алтан, Ш.Батхүү, Г.Амарбат, Ч.Ганзориг, Э.Сүрэн, Б.Мөнхжаргал нарт холбогдох 190 хавтас бүхий хэргийг мөрдөн байцаалтад буцаах таван үндэслэлээс хоёрыг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж гомдлоо гаргад байсан билээ.
Үүний дагуу өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар тус гомдлыг хянан хэлэлцсэн байна. Энэхүү шүүх хуралдаанд Г.Амарбат, Ч.Ганзориг нарын өмгөөлөгч ирж оролцсон бол бусад нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй юм.
Энэхүү шүүх хуралдааныг товлосны дараа буюу аравдугаар сарын 4-ний өдөр Ш.Батхүү өөрийн гаргасан гомдлоос татгалзах шийдвэрийг гаргажээ. Хэдийгээр өөрийн гомдлоос татгалзсан хэдий ч энэхүү шүүх хуралдааныг товлосны дараа шийдвэрээ гаргасан тул шүүх хуралдаан өнөөдөр болж байгааг шүүгч мэдэгдлээ.