Монгол улсын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө урьдчилсан шатны “F” хэсэгт багтан тоглож байгаа билээ.
Үүний хүрээнд манай баг тамирчид өөрийн талбайд дөрвөн тоглолт хүлээн авах бөгөөд одоогийн байдлаар Мьянмар болон Тажикстанын шигшээ багийг хүлээн авч, арлын Япон улсын талбайд зочлон тоглоод байгаа билээ. Тэгвэл өөрийн талбай дахь дараагийн тоглолтоо Киргизстан улсын багтай маргааш буюу аравдугаар сарын 15-ны 16:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд хийх гэж байна.
Хоёр багийн хувьд хамгийн сүүлд 2017 онд учраа тааран тоглосон бөгөөд энэхүү тоглолтод 3:0-ийн харьцаатайгаар Киргизчүүд хожил байгуулж байсан юм. Эсрэг багийн хувьд урьдчилсан шатны өмнөх удаагийн тоглолтоо Мьянмартай хийж, 7:0-ийн харьцаатайгаар өндөрлүүлжээ.
Монголын шигшээ багийн өмнөх тоглолтуудын дүн:
Монгол 1-0 Мьянмар /2019 оны есдүгээр сарын 5/
Монгол 0-1 Тажикстан /2019 оны есдүгээр сарын 10/
Япон 6-0 Монгол /2019 оны аравдугаар сарын 10/