Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатарын урилгын дагуу Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр /2019.10.16/ Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны байранд зочлон, “FIFA Forward” төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, холбооны үйл ажиллагаа, зорилго зорилттой танилцлаа.
Мөн түүний энэхүү айлчлалтай холбогдуулан Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдсан хөлбөмбөгийн талбай өнөөдөр ашиглалтад оржээ.
Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой юм байна.
Талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нар оролцож холбоодын хамтын ажиллагаа болон “Азийн хүүхдүүд-2020”, “Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадам”-ын бэлтгэл ажилтай танилцлаа.
Жианни Инфантино төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сайн үнэлгээ өгөөд зогсохгүй дараа дараагийн ажлуудад туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхөөр шаргуу бэлтгэл хийж буй футзалын үндэсний шигшээ баг, 19 хүртэлх насны шигшээ багийн залууст амжилт хүссэн байна.