Япон улсын Эзэн xаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр Токио дахь эзэн хааны ёслолын ордонд боллоо.
Энэхүү уламжлалт ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд дэлхийн 180 гаруй орны төр засгийн тэргүүн болон Олон улсын байгууллагын төлөөлөл, сайд нарын танхимын гишүүд, хууль тогтоох байгууллагын төлөөлөл, мужуудын захирагч, эрдэмтэд, бизнес эрхлэгчид зэрэг Японы нийгмийн бүхий л давхаргын 1600 орчим төлөөлөгч уригджээ.
Өнөөдөр хаан ширээнд заларч буй Нарүхито нь өдгөө 59 настай бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын 1-нд эцэг Акихитогоос хаан ширээг залгамжилж авснаар Японд “Рэйва” хэмээх шинэ эринийг эхлүүлсэн билээ. Тухайн үед бага хэмжээнд ёслол үйлдсэн бол энэ удаад бүрэн хэмжээний ёслолыг Япон улс даяар үйлдэж байгаа юм.
Эзэн хаан Нарухито нарны бурхан Аматэрасу Омикамид мөргөдөг Касикодоро сүмд орж, бурхдад хаан ширээнд заларсныг мэдэгдэж, үг хэлэв. Нарүхито “Би Үндсэн хууль болон эзэн хааны ордны тухай хуульд заасны дагуу хаан сэнтийд заларлаа. Улс үндэстэн, ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл байхаа батлан тангараглаж байна” хэмээн 2,000 орчим хүндэт зочны өмнө тангараглаж хаан ширээндээ заларчээ.
Хаан сэнтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулахад 147 сая гаруй ам.долларын хөрөнгө зарцуулсан гэх бөгөөд энэ үеэр 26 мянган цагдаагийн албан хаагч аюулгүй байдлыг сахиулан ажилласан байна.