“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес 2019 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр /2019.10.24/ олон нийтэд танилцууллаа.
2019 оны эхний гурван улирлын байдлаар “Оюу толгой” компани 764 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 524 нь үндэсний компани байсан бөгөөд худалдан авалтын 76 хувийг бүрдүүлж байгаа аж. Үндэсний худалдан авалтад гурван тэрбум ам.доллар зарцуулснаас Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс 523 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авчээ.
Үүнээс гадна дулаан хангамжийн холбогдох бүтцүүд, хоёрдугаар босоо амны хацарт бутлуурын систем болон чулуулаг тээвэрлэх дамжуулга амжилттай дуусаж, гүний уурхайн хөндлөн малталт хурдацтай явагдаж есдүгээр сард нийт 1,385 метр хөндлөн малталт хийсэн нь улирлын онцлох зүйл болжээ.
2019 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангийн тухайд:
– 28,446 тонн зэс олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 27.8 хувиар бага
– 25,607 унци алт олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 66.8 хувиар бага
– Боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар илүү, харин өмнөх буюу хоёрдугаар улирлынхаас 3.4 хувиар буурсан байна.
Уурхайн олборлолтын 4A үе шатнаас агуулга багатай 4B үе шатанд шилжиж, хуримтлуулсан хүдрийн овоолгыг ашигласантай холбоотойгоор:
• Зэсийн агуулга 2019 оны II улиралд 0.46 байсан бол тайлант улиралд 0.37 болсон
• Алтны агуулга 2019 оны II улиралд 0.31 байсан бол 0.14 болсон
• Үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ 2019 оны II улирлынхаас 27.2 хувиар буурсан
• Үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 2019 оны II улирлынхаас 27.4 хувиар
буурсан
• Үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 2019 оны II улирлынхаас 64.3 хувиар
тус тус буурчээ.
“Оюу толгой” компанийн татварын багийн ахлах М.Бямбасүрэн ““Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010-2019 оны гуравдугаар улирлын байдлаар 2.5 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2019 онд 161 сая ам.долларыг төсөвт, 85.5 сая ам.долларыг харилцагчдын НӨАТ-д тус тус төлсөн” гэв.
Оюутолгойн 2019 оны гуравдугаар улиралд хийгдсэн онцлох ажлуудаас дурьдвал:
-Оюу толгойн үйл ажиллагааны цөм болсон гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв ашиглалтад орсон
– Оюу толгойн гүний уурхайн Хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил дууссан
– Үндэсний гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгуулсан
– 2019 оны эхний гурван улиралд 329 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулсан байна.
2019 оны эхний гурван улирлын байдлаар баяжмал дахь зэс 113 мянга 400 тонн, баяжмал дахь алт 217 мянга 500 унци олборлосон бөгөөд 2019 онд 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 230 мянган унци хүртэлх баяжмал дахь алт олборлох үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна хэмээн мэдэгдлээ.