УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар “Төрөөс мөнгөний талаар баримтлах 2020 оны үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэхүү хуралдаанд Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцож “Төрөөс мөнгөний талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан юм. Тэрээр энэ үеэр арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлэхээ онцолж гадаадын хөрөнгө оруулалттай банкны тухай хуулийн төслийг парламентаас яаралтай баталж өгөхийг хүслээ.
Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудал нь мөнгөний бодлого байсан хэдий ч гишүүд Монгол улс FATF-ын саарал жагсаалтад орсон шалтгааныг Монгол банкны удирдлагаас тодруулж улмаар уг тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн байна.
С. Чинзориг: Саарал жагсаалтаас хэдий хугацааны дараа гарна гэж Монголбанк төлөвлөж байна? Үүний хүрээнд эдийн засгийн ямар нэг хориг тавигдах уу гэдгийг хэлж өгөөч.
Н.Баяртсайхан: FATF-аас 2017 онд Шри Ланкад болсон хурлаараа Монгол улсыг бүр хар жагсаалтад оруулах болсноо мэдэгдсэн. 2017 оноос хойш хоёр жилийн хугацаанд бид чадлаараа ажилласны үр дүнд хар жагсаалтад орох байсныг цайруулж сая саарал жагсаалтад орох мэдэгдлийг сонслоо. Цаашид холбогдох чиглэлээр шуурхай арга хэмжээг авч ажиллах шаардлагатай. Энэ бол ганц Монголбанкны ажил биш. Ялангуяа Чинзориг сайд аа, Засгийн газар маш их анхаарал хандуулж ажиллах нь чухал байгаа шүү.
Л.Энх-амгалан: Монголбанкны ерөнхийлөгч хар жагсаалтад орох байсныг бид ажилласаар байгаад саарал болгосон гэж маш хариуцлагагүй зүйл ярьж байна. УИХ-аас 2019 оны мөнгөний бодлогыг батлахдаа мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагын гаргасан үнэлгээг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээ авахыг Монголбанкинд үүрэг болгосон. Гэтэл Монголбанк өнөөдөр дээшлүүлэх бус бүр дордуулчихаад харыг саарал болгосон гэдэг дүгнэлт хийгээд сууж байна. Мөн ҮАГ-аас 2020 оны төсөвт хийсэн эрсдэлийн үнэлгээнд “Монгол улс саарал жагсаалтад орвол улсын орлого буурах, зээлийн хүүгийн зардал өсөж, дунд, урт хугацаанд төсөвт сөрөг нөлөө үзүүлэх, зээлжих зэрэглэл буурч, гадаадын хөрөнгө оруулалт буурах эрсдэл учирна” гэсэн байна. Ийм аюул нүүрлэсэн байхад үүссэн нөхцөл байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, шуурхай арга хэмжээ авахын оронд Монголбанк гэнэн дүгнэлт хийгээд сууж байна. Ингэж болохгүй. Сангийн яам, ХЗДХЯ, Монголбанк гурав өөр, өөр зүйл яриад байх юм. Уг нь цуг суугаад монголчууддаа бодитой мэдээлэл өгөх ёстой.
Д.Эрдэнэбат: Муу л бол хойд талын хар овоохой гэдгээр АН-д бүх бурууг тохдогоо боль. Бид тэр жагсаалтад байсан үед одоо муу хэлэгдээд байгаа бондуудыг босгож, эдийн засгаа сайжруулан саарал жагсаалтаас гарч байсан. Гурван жилийн өмнөөс төрийн байгууллагууд үндсэн үүргээ биелүүлээгүйгээс саарал жагсаалтад орсныхоо буруутаныг хайхаа зогсоо. FATF-аас тавьсан дөрвөн шаардлагаа биелүүлээд, хяналтын байгууллага, Засгийн газар нь ажиллаад л гарчих зүйл дээр хэт улстөржүүлж дуулиан үүсгэхээ боль. Хэлэлцэх асуудалтай холбоотой зүйлээ ярьцгаа. Монголбанкны ерөнхийлөгчөөс асуухад 2020 оны төсөв сонгуульд зориулан маш их хөөсөрсөн байсан. Мөнгөний бодлого чинь үүнийг даах юм уу, хөрөнгө оруулалт 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэнээр импортын хэмжээ өсч, валютын ханш чангарахаар байна. Өнөөдөр арай гэж найман хувьд барьж байгаа инфляц хоёр оронтой тоонд хүрэх нь. Энэ эрсдэлийг давах ямар төлөвлөгөө байгаа юм бэ?
Н.Баяртсайхан: 2020 оны төсвийг бид сонгуулийн жилийн төсөв гэж харж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх жилүүдийнхээс өссөн. Дээр нь нэмээд цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэхээр байгаа. Энэ бол мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Сая ОУВС-тай уулзахад валютын нөөцөө нэмэх, ханшаа барих гэж нөөцөөсөө үрэхгүй байх, мөнгөний бодлогын төлвийг чангаруулах зөвлөгөө өгсөн.