Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурал-25 жил” сэдвээр өнөөдөр (2019.10.30) Төрийн ордонд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, тус зөвлөлдөх уулзалт нь энэ оны 11 дүгээр сарын 10-26-ны хооронд зохиогдох Найробийн дээд хэмжээний чуулганыг угтаж, “Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын 25 жил”-ийн ойг тэмдэглэх, хийгдсэн ажлыг дүгнэх зорилготойгоор зохион байгуулж байгааг онцлоод Монгол Улс энэхүү чуулганд оролцоход бэлэн боллоо. Юуны өмнө хүн ам ба хөгжлийн асуудлаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бид анхаарч ирсэн гэв.
Мөн 2019 онд гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн хангамж, хүртээмжийг сайжруулахад улсын төсвийн санхүүжилтийг 150 саяас 1.8 тэрбум болгож нэмэгдүүлсэн гэдгийг дурдав.
Зөвлөлдөх уулзалтад “Гал голомт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Мөнхөө, Үндэсний статистикийн хорооны дарга А.Амарзаяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн ам, хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нар илтгэл тавилаа.
Үндэсний статистикийн хорооны дарга А.Амарзаяа илтгэлдээ, Нийгмийн хамгааллын суурь хөтөлбөрт нийт хүн амын 59.2 хувь нь хамрагдсан гээд энэ нь урд жилүүдээс өссөн үзүүлэлттэй байгааг онцолсон юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн ам, хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Засгийн газрын зүгээс шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлуудыг дурдвал, Өсвөр насны охидын үр хөндөлт, төрөлт нэмэгдсэн, жендерт суурилсан хүчирхийлэл болон, хүчирхийллийн түвшин буурахгүй байгаа, бэлгийн цөөнхийн ялгаварлан гадуурхалт байсаар байгаа гээд, өсвөр насны нөхөн үржихүйн боловсролыг түвшинг дээшлүүлэх, нөхөн үржихүйн үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах зэрэг асуудлуудыг хөндлөө.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава нар оролцож үг хэллээ.
Мөн Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, төрийн бус байгууллагын төлөөлөгчид саналаа солилцлоо.
Гэр бүлийн эрүүл мэндийн боловсролыг иргэн бүрд олгох шаардлагатай байгаа, түүнчлэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаас охидын асуудлыг салгаж ойлгох зохицуулалт хэрэгтэй байгааг иргэд, төлөөлөгчдийн зүгээс хэлж байлаа.