\”Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум” энэ сарын 19-21-ний хооронд Хэнтий аймгийн Чингис хаан хотноо болно. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр улс жил бүр ээлжлэн зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд талууд өөр өөр сэдвийг онцлон хэлэлцэж, тулгамдсан асуудлаа ажил хэрэг болгохоор хамтран ажилладаг. Энэ удаагийн \”Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум”-д Монголын талаас Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МҮОНРТ, Монцамэ агентлаг, Монголын Сайтын холбоо, хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд, Гадаад харилцааны яамны төлөөлөл, Хэнтий аймгийн удирдлагууд оролцоно. Харин Хятадын талаас Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах хэлтсийн дарга Улаан, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Жан Чян болон Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шиньхуа агентлаг, Хятадын Өдрийн сонин, Төвийн Ардын радио, ССТV, Өвөрмонголын Радио телевиз, Өвөрмонголын \”Монгол судлалын хүрээлэн”-ийн удирдлагууд оролцох юм.
Өнгөрсөн онд Алшаа аймагт болсон \”Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VI форум” нь \”Харилцан ойлголцож хамтран ажиллаж хөгжлийн ирээдүйд хөрөнгө оруулъя” уриан дор болсон бөгөөд энэ талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид \”Ази европыг холбосон эдийн засгийн коридорыг хэрхэн байгуулах, ямар боломж буйг хоёр орны сэтгүүлчид хэлэлцэж, энэ сэдэвтэй холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхээр сэтгүүлчид тууштай ажилласан. Үүний үр дүнд Ази европыг холбосон авто замын тээвэр хөдлөж эхлээд байна” хэмээн ярьж байсан юм. Энэ жил Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймагт Монгол Хятадын сэтгүүлчид хуран чуулж, Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцох юм байна.
Мөн \”Хятад улсыг танин мэдэх Монгол Улс дахь аян” нэртэй Өвөрмонголын IV соёлын өдрүүдийг Улаанбаатар хотноо энэ сарын 18-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.