Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал Олон улсын сүмогийн холбооны (International Sumo Federation) ерөнхийлөгчөөр томилогджээ. Тус холбоо аравдугаар сарын 16-нд энэ тухай албан ёсоор мэдэгдсэн байна.
Японы Kyodo News агентлагийн мэдээлснээр, 41 настай Хакүхо нь мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд нийт 45 удаа түрүүлсэн амжилтаараа түүхэнд бичигдсэн бөх юм. Тэрээр тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Toyota Motor компанийн ТУЗ-ийн дарга Акио Тоёдагийн халааг авчээ.
Олон улсын сүмогийн холбоо нь сонирхогчдын сүмогийн спортыг дэлхий дахинд хөгжүүлэх чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм.
Хакүхо 2025 оны зургаадугаар сард Японы Сүмогийн холбооноос гарсны дараа сүмог олон улсад түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Мөн тухайн оны есдүгээр сараас Олон улсын сүмогийн холбооны зөвлөхөөр ажиллаж байжээ.
Тэрээр ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа сүмогийн уламжлал, үзэл санаа, үнэт зүйлсийг хадгалан хамгаалахын зэрэгцээ дэлхийн олон улс, бүс нутагт энэ спортын үнэ цэн, онцлогийг таниулж, хүүхэд залууст өвлүүлэн үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Хакүхо “Дэлхий даяар сүмогоор хичээллэдэг хүмүүстэй хүчээ нэгтгэн, улс орон, соёл, хэлний ялгааг даван сүмогоор дамжуулан дэлхийг нэгтгэх нь миний эрхэм зорилго гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.
Тэрээр мөн сүмог Олимпын наадмын төрөл болгох зорилгыг дэмжиж ирсэн бөгөөд олон улсын тэмцээн, сурталчилгааны арга хэмжээгээр дамжуулан уг спортыг дэлхий дахинд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
Эх сурвалж: Kyodo News, Nikkan Sports.










































































