Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэрэгт холбогдоод байгаа билээ.
Тэгвэл энэ сарын 6-ны өдөр Д.Одбаяр БНСУ-д дахин очиж Инчён хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэст мэдүүлэг өгсөн юм. Инчён хотын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн түүнд хилийн хориг тавих саналыг прокурорт гаргаж, улмаар БНСУ-ын прокуророос түүнд арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай хилийн хориг тогтоосон билээ.
Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр /2019.11.08/ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн байр суурийг тодрууллаа.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Д.Одбаярын нөхцөл байдал маш хүнд байгаа. Хөгшин эх нь байна. Үр хүүхэд нь байна. Тэр улсынхаа асуудлыг яаж нэг тийш нь болгохыг хараад сууж байна. Үүнийг битгий дэвэргээд бай. Элчин сайдын яамныхан ажиллаж байгаа байх. Өмгөөлөгч авсан гэж дуулсан. Одоо харъя. Жаахан хүнлэг талаас нь хандахыг хүсье. Буруу зүйл хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хууль номоороо ажиллаж байгаа эсэхийг нь хараад байж байна. Хэрэг БНСУ-ын нутагт болсон. Ер нь түүний зөв ч бай, буруу ч бай Монгол Улс иргэнээ хамгаалах ёстой. Ямар ч тохиолдолд ЭСЯ-ныхан энэ асуудалд анхаарлаа хандуулж, хамгаалах ёстой. Хүн гэдэг талаас нь хандах учиртай. Буруутай эсэх нь дараагийн асуудал. Ер нь энэ жижиг асуудал биш шүү” гэлээ.