Хүн төрөлхтний гоо сайхны хамгийн том наадам гэгдэх “Дэлхийн мисс”-ийн 69 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн хүний их эмч мэргэжилтэй Мандахын Цэвэлмаа оролцож буй билээ.
Тэрээр өөрийн танилцуулга бичлэгтээ Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, уламжлалт ёс жаяг, өөрийнхөө мэргэжлийн онцлог, авьяас чадвар зэргээ онцгойлон харуулахыг зорьсон байна.
Энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээнд 130 орны гоо бүсгүй оролцож Английн Лондон хотноо энэ сарын 20-ноос ирэх сарын 14-нийг хүртэл авьяас чадвараа сорин өрсөлдөх юм.
Дэлхийн миссийн тэмцээн нь:
- Beauty with a purpose – Сайн үйлсийн ажил
- Talent – Авъяас
- Sports – Спорт
- Top model – Топ модель
- Multimedia award – Олон нийтийн санал, Mobstar
- Dances of the world – Дэлхийн бүжиг
- Head to head challenge – Асуулт хариултын уралдаан гэх үндсэн долоон төрлөөр шилдгүүдээ шалгаруулах юм.
Дэлхийн миссийн тэмцээн нь хамгийн өргөн хүрээг хамардаг бөгөөд хүмүүнлэгийн ажлыг голчлон үздэгээрээ бусад миссийн тэмцээнүүдээс онцлогтой.
Эх орноо төлөөлөн оролцох мисс М.Цэвэлмаа нь хүмүүнлэгийн ажлынхаа хүрээнд “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд нэг хүнийг оруулж, хандивын аян өрнүүлэн хагалгааны дараах бүхий л зардлыг төлсөн. Мөн элэгний В, С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 460 гаруй хүнийг тус вакцинд хамруулжээ.