Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн “Сэргийлэгч” баг тэргүүлжээ.
Баянгол дүүргийн Улсын тэргүүний “Оюуны ундраа” цогцолборын “Ундраа” баг удаалж, Хөдөлмөрийн гавьяаны улааны тугийн одонт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар” баг гуравдугаар байр, Баянзүрх дүүргийн “Цогцолбор” сургуулийн “Хүчит шонхор” багийн хүүхэд багачууд тусгай байранд шалгарсан байна.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус албанаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг.
Тэмцээний нэгдүгээр үе шатанд дүүрэг дэх ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан бөгөөд тэргүүн байранд шалгарсан баг хоёр дахь үе шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, “Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан байна.
“Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг анх 1981 онд тус албаны дарга, Монгол Улсын Гавьяат хуульч, Техникийн ухааны доктор /Ph.D/, цагдаагийн бэлтгэл хурандаа Гомбоцэдэнгийн Ринчиндорж санаачлан зохион байгуулж, өдгөө 38 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг Монгол Улсын Гавьяат хуульч, Техникийн ухааны доктор /Ph.D/, цагдаагийн бэлтгэл хурандаа Гомбоцэдэнгийн Ринчиндоржийн нэрэмжит болгож байгаагаараа онцлог боллоо хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.