Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, болоод гарах гарц шийдлийн талаар 30 гаруй эдийн засагчид өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр ипотекийн зээл эдийн засагт ихээхэн хүндрэл учруулж буйг эдийн засагчид онцолсон юм. Ингээд тус асуудлаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс: Өмнө байсан хямралуудтай харьцуулахад бидэнд ипотекийн зээл гэдэг шинэ суваг бий болсон. Тэр нь өөртөө мөн эрсдэлийн сувгийг би болгоод байна.Үүнийг бид сайн анхаарах ёстой. Хуулиар баталсан асуудлыг шууд зогсооно гэж байхгүй. Хууль журмынхаа дагуу Монголбанк үүнийг МИК рүү шилжүүлж журмаар ажиллах ёстой. Буцаад Монголбанкинд ипотекийн зээл нь төлөгдөх ёстой. Түүнээс биш хууль журмынхаа хүрээнд аль хэдийн тодорхой болчихсон асуудал учраас шууд орон сууцны найман хувийн зээлийг шууд зогсооно гэсэн ойлголт байхгүй гэж үзэж байна.
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Б.Мөнхзаяа: Эдийн засгийн энэ хүнд үед ипотекийн найман хувийн асуудал ихээхэн анхаарал татаж байна. Арилжааны банкуудаас өөрийн санхүүжилтээр олгож байгаа зээлийн хүү 2-3 дахин өндөр байна. Тиймээс эргээд энэ нь төрд алдагдалтай байдал үүсгэж байгаа юм. Тэгэхээр энэ зээлийг хязгаарлах ёстой, хүүг нь бууруулах шаардлага байхгүй, харин ч эдийн засгийн нөхцөл байдалтайгаа үр ашгийн тооцоотой уялдуулан тодорхой хэмжээгээр нэмэх хэрэгтэй. Гэтэл энэ хоёрын зөрүү болоод алдагдлыг хэн төлөх вэ гэдэг асуудал ойлгомжгүй, эргээд л татвар төлөгчдийн нуруун дээр ирэх асуудал. Миний хувьд тодорхой хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжрах хүртэл нь хязгаарлах хэрэгтэй л гэж бодож байна. Өрхийн орлого нэмэгдсэн тохиолдолд үргэлжүүлэн олгож болно шүү дээ.
Эдийн засагч: Н.Энхбаяр: Даац нь хэтэрсэн энэ үед тодорхой хэмжээгээр нөхцөлийг нь чангалах, сааруулах байдлаар банкны системийнхээ аюулгүй байдлын хэмжээнд бодлого барих ёстой. Цаашид богино хугацааны тогтворжилт бий болгож чадвал эргээд ипотекийн зээлийг үргэжлүүлж олгох бүрэн боломж бий.
МУИС-ийн багш, эдийн засагч Б.Алтанцэцэг: Ипотекийн зээлийг үргэлжлүүлбэл өнөөдөр эдийн засгийг аврах бодлогод яагаад ч нийцэхгүй. Зүй нь энэ бодлого маань хумигдах байх. Засгийн газар сонголт хийхэд улс төрийн хувьд ихээхэн хүнд шийдвэр байх болов уу?.
Эх сурвалж: Breakingnews.mn