Өнөөдөр хэсэг сэтгүүлчид “Чингис хаан” банкны зүгээс тэдэнд дарамт үзүүлж, үнэнийг олон нийтэд хүргэсний төлөө хуулийн хариуцлага хүлээлгэх, тэднийг худалдаж авахыг зорьж байгаа талаар мэдэгдсэн юм.
Монголын сайтын холбооны УЗ-ийн гишүүн tvmongolia.mn сайтын эрхлэгч Д.Оюун-Эрдэнэ ” МНДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуяг нийгмийн даатгалын 30 тэрбум төгрөгийг “Чингис хаан” арилжааны банкинд байршуулахдаа 15.2 хувь байсан хадгаламжийн хүүг 5.5 хувь болгон бууруулж, үүний төлөө өөрөө банкнаас авлига авсан. Энэ талаар бичсэн сэтгүүлчдийг нэр төрд халдсан хэмээн мэдэгдэж, тэднээс мэдээллээ устгахыг шаардаж эхэлсэн байдаг. Мөн хадгаламжийн хүүгээ огцом буулгасан нь иргэдэд хохиролтой бөгөөд банкны зүгээс Ч.Алтанхуяг даргад хахууль өгсөн нь баримтаар нотлогдсон болохыг АТГ-аас мэдэгдсэн. Гэвч энэхүү үйл явдлыг нь ил болгосон сэтгүүлчийг дарамталж, бөх гэмээр хоёр залууг явуулж “та нар хэн юм, худалдаж авч болдог биз дээ” мэтээр сэтгүүлчдийг доромжилсон байна.
Time.mn сайтын эрхлэгч Г.Улсболд “Сэтгүүлчдэд бичсэн зүйлийнх нь төлөө дарамт үзүүлэх тохиолдол байдаг. Хүний нэр хүнд, байгууллагад халдсан гэж үзвэл хуулийн арга хэмжээ авч болно. Гэсэн хэдий ч хүмүүс явуулж хуулийн бус аргаар дарамталж буйг Монголын сайтын холбоо анхааран ажиглаж байна” хэмээн сайтын холбооноос тайлбарлалаа.