2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн 58 дахь удаагийн сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд АНУ-ын Бүгд найрамдах намаас Доналд Трамп харин Ардчилсан намаас Хиллари Клинтон нар нэр дэвшиж байгаа ба сонгуулийн компанит ажил, сурталчилгаа, мэтгэлцээн, хандивлагч мөн дэмжигчдийн үйл ажиллагаа, намын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиллаж буй байдал үнэхээр өндөр түвшинд явагдаж байна. Хамгийн ихээр сонирхол татаж буй зүйлсийн тоонд нэр дэвшигчдийн баримтлах гадаад болон дотоод бодлого, мөрийн хөтөлбөр, салбар бүрээр хийж буй мэтгэлцээн, ярилцлага ордог. Түүний дотор АНУ-аас гадаадад(Афганистанд) явуулж буй цэрэг, дайны талаар баримталж буй бодлого тун сонирхол татаж байгаа юм. Хоёр нэр дэвшигчийн хэн нь ч сонгуульд ялсан хамаагүй цаашид америкийн цэргүүд афганистанд үргэлжлүүлэн алба хаах уу? Үгүй юу гэсэн асуултад хамтдаа хариулт хайж үзье.
Энэ удаа дайнд амь үрэгдсэн хүмүүсийн тухай түр орхиод уг цэргийн ажиллагаанд америкчууд хэр их мөнгө зарсан бэ гэсэн асуултад хариулья. АНУ-ын Конгрессийн судалгааны алба нь Афганистан болон Иракт явагдсан цэргийн ажиллагаанд америкийн татвар төлөгчдийн 1,6 их наяд ам.долларыг зарцуулсан гэж тооцож гаргажээ. Гэхдээ энэ тооцоонд дайнд шархдсан цэргүүдийн урт хугацааны эмчилгээ, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж, ахмад дайчид, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд зориулсан зардал ороогүй байгаа юм. Тийм учраас энэхүү тооцоо 4-6 их наяд ам.доллар болж өсөж магадгүй ажээ.
Өөр нэг мэдээгээр бол АНУ өнгөрсөн 15 жилийн туршид терроризмийн эсрэг афганистанд явуулсан байлдааны ажиллагаанд ойролцоогоор 2 их наяд ам.доллар зарцуулсан гэсэн тоо бий. 2 их наяд ам.доллар гэдэг бол санаанд багтамгүй маш их хөрөнгө юм. Тухайлбал ийм хэмжээний мөнгөөр монголд хамгийн ихээр орж ирдэг \”Приус\” суудлын автомашинаас бараг хагас тэрбум ширхэгийг авч болох ажээ. Харамсалтай нь Афганистан улс төрийн хувьд нэгдмэл бус, эдийн засаг хязгаарлагдмал, дайн дажинтай, хүмүүсийн амьжиргаа тааруу хэвээр үлджээ. Татвар төлөгчдийн энэ их мөнгийг зарцуулчихаад ямар ч үр дүнгүй үлдэхгүйн тулд ямар ч ерөнхийлөгч гарч ирсэн америкийн цэргийнхэн афганистанд дараагийн нэлээд хэдэн жил үйл ажиллагаа явуулах байх гэсэн дүр зураг харагдаж байна.
Нөгөө талаар Афганистан улс нь алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялаг ихтэй энэ нь 4 их наяд ам.доллартой тэнцэх хэмжээний гэсэн мэдээ бий. Жишээлбэл тус улс гар утас болон электроникийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хэргэлдэг \”кадми\”-аар тун их баялаг гэнэ. Тэгэхээр Афганистаны газрын баялаг америкчуудын анхаарлыг татсан хэвээр байх бололтой
Р.Энхболд