Өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар дуучин Б.Амархүүг суллах шийдвэр гаргалаа. Түүнд анхан шатны шүүхээс сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт буруутган хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноогоод байсан юм.
Тэгвэл тус шийдвэрийг эсэргүүцэж Б.Амархүү Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүх хуралдаан өнөөдөр /2019.12.17/ болж шүүгдэгч Б.Амархүү цахимаар оролцжээ. Тус шүүх хурлаас Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргасан байна. Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.