Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өнгөрөгч даваа гаригт мэдэгдэл гаргаж, Монгол Улсын тамирчин П.Орхоныг сэргээш хэрэглэсэн болохыг албан ёсоор зарлалаа.
Мөн үүнтэй холбогдуулан “Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -62 кг-ийн жинд хүртсэн алтан медалийг нь хүчингүйд тооцож, тус жингийн медалийг дахин хуваарилжээ.
Энэ тухай холбооны албан ёсны сайтад “2018 оны Азийн наадмын дараа эмэгтэйчүүдийн -62 кг жинд алтан медаль хүртсэн Монгол улсын тамирчин П.Орхоноос хориглосон эмийн жагсаалтын S1.1a ангилалд багтдаг Станозолол хэмээх бодис илэрсэн болохыг шинжилгээгээр батлагдлаа. Иймд түүний дахин барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-ний өдөр хүртэл хасч, тус тэмцээний эмэгтэйчүүдийн -62 кг-ийн жингийн медалийг дараах байдлаар дахин хуваарилахаар шийдлээ” хэмээн мэдэгдсэн байна.
Энэхүү шийдвэр гарснаар:
Алтан медаль: Айсулуу Тинибекова /Киргизстан/
Мөнгөн медаль: Рисако Кавай /Япон/
Хүрэл медаль: Нгуен Ти Ми Хан /Вьетнам/, Рим Жон Сим /Ардчилсан Солонгос/ нарт шилжих болж байгаа юм.