Монгол Улс \”Стэнд бай” хөтөлбөрт дахин
хамрагдах уу, үгүй юу гэдгээ шийдэж ядаж байна. Гэхдээ анх удааг биш л дээ.
Өмнө 1991 болон 2009 онд энэ хөтөлбөрт хамрагдаж байлаа. 2009 онд уг хөтөлбөрт
хамрагдсанаар богино хугацаанд үр дүнгээ өгч, Монгол Улсын эдийн засгийн
хямралаа давж байсан туршлага бий. \”Стэнд бай” буюу бүтцийн өөрчлөлт, эдийн
засгийн зохицуулалтын дунд хугацааны хөтөлбөрт хамрагдсанаар нийтдээ 197.7 сая
ам.долларын зээл авч байжээ.
Бидний хувьд ирэх гурван жилд ихээхэн
хэмжээний өр төлөх ёстой болчихоод байгаа. Тухайлбал, 2017, 2018 онуудад тус
бүр 2 их наяд төгрөг, 2019 онд 4 их наяд төгрөгийг өрөнд өгнө. Гэвч төрийн
албан хаагчдынхаа цалинг тавьж чадахааргүй нөхцөл байдал үүсчихээд байгаа энэ
үед дахин зээл авахаас аргагүй хүрчихээд байгаа юм. Нэг талаас бол \”Стэнд бай”
хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Эдийн засгаа
аврах Засгийн газрын төлөвлөгөөний жагсаалтад \”Стэнд бай” хөтөлбөр багтсан
тухай Ерөнхий сайд ч дуулгаж байсан.
Гэвч энэ хөтөлбөрт хамрагдсанаар Монгол
Улсын Засгийн газар, Сангийн яам, Монгол банкны үйл ажиллагаа, эрх мэдэл
бүхэлдээ гадны зөвлөхүүдийн хараанд шилжих эрсдэлтэй. Тэгээд ч 2009 оныг бодвол
Монгол Улсад хөдөлгөж болох томоохон төслүүд бий. Оюутолгой, Тавантолгой гээд
томоохон төслүүдээ хөдөлгөвөл гаднаас зээл авахгүйгээр асуудлаа шийдвэрлэх
боломжтой гэдэг гаргалгаа ч харагдаж байгаа юм.
Мэдээж эцсийн шийдвэрийг Засгийн газраар
дамжиж УИХ л гаргана. Харин Олон улсын валютын сан өөрийн зорилтод хөтөлбөр
буюу \”Стэнд бай” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газарт зөвлөсөөр байгаа
билээ. Энэ хөтөлбөрт хамрагдвал асуудлаа шийдвэрлэхэд амар, хэрэгжих үр дүн ч
найдвартай. Гэвч бидэнд бусдын гарыг харах биш өөрсдийн хүчээр хямралаа давах
боломж ч бий юм.
А.Аюуш