Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын хөдөлгөөнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөсн хэдий ч хугацаандаа амжилгүй он дамнан хойшлогдсон.
Тус төслийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа бөгөөд тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон хариуцагч мэргэжлийн инженер, зөвлөх инженерүүд замын ажлыг гэрээний хугацаандаа дуусгавар болгоход хяналт тавьж ажиллах үүрэг хүлээж байгаа юм.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан энэ тухай хэлэхдээ “Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний хугацааны хоёрдох шат нь зургадугаар сард дуусна. Энэ хугацаанд буюу хоёрдох шатныхаа ажлын хүрээнд бид Дарханы замыг гэрээт хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана. Замыг ашиглалтад хүлээж авах, хөдөлгөөн нээх ойлголтыг олон нийт андуурч ойлгоод байх шиг байна. Жишээ нь Налайхын замыг бүрэн ашиглалтад оруулаагүй, хөдөлгөөнийг нь өнгөрөгч оны арваннэгдүгээр сард нээсэн. Улсын комисс хүлээж авснаар ашиглалтад бүрэн ордог. Дарханы зам ирэх зургадугаар сард хучилтаа бүрэн авна гэж тооцоолж байгаа. Хучилтаа авна гэдэг нь Налайхын зам шиг хөдөлгөөн нь нээгдэнэ гэсэн үг” гэлээ.