Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/-ны санаачлагаар “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүд, яам, газар, агентлагын удирдлагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид зэрэг 80 гаруй хүн оролцлоо. Мөн Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхан, Анагаах Ухааны Сургуулийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн багш, Анагаах Ухааны доктор М.Ундрам, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Пүрэвжав, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал, Анагаах Ухааны доктор Ж.Цолмон нар урилгаар оролцож Хийжүүлсэн ундааны химийн бүтэц найрлага, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хэрэглээ ба нөлөөлөх хүчин зүйл, олон улсын дэвшилтэт туршлагын талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулав.
Монгол Улсад нийт хүүхдүүдийн 66 хувь нь хийжүүлсэн болон чихэрлэг ундааг өдөр тутамдаа ууж хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс эмэгтэйчүүдийн байгууллага эцэг эхчүүдэд хүүхдүүддээ хийжүүлсэн ундааг уулгахгүй байх энэ төрлийн хэрэглээг багасгах “Хийжүүлсэн ундаанаас татгалзъя” уриалгыг гаргаж, энэхүү уриан дор өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй юм. Мөн цаашдаа энэ чиглэлийн хэлэлцүүлгүүдийг шат дараатайгаар хийхээр төлөвлөж буй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ.
Нэг монгол хүн жилд дунджаар 22,8 литр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг гэх судалгаа байдаг ажээ. Гэтэл сахарын агууламж өндөртэй хийжүүлсэн ундаа их хэрэглэх нь ясны сийрэгжилт, таргалалт, чихрийн шижин, нойргүйдэл, шүд цоорол гээд сөрөг нөлөө ихтэй байдаг. 500м хийжүүлсэн ундаанд 12 халбага элсэн чихэр агуулагддаг. Үүнийг жилээр тооцвол жилд 22 кг элсэн чихэр хэрэглэж байна гэсэн үг юм. Энэ төрлийн ундаанд кофейн агуулагддаг тул ууснаас хойш 40 минутын дараа хүнд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэнтэй адил хэмжээний таашаалыг өгч донтуулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Монголын хүн амын дундах хоол тэжээлийн 5-р судалгаанаас үзэхэд 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28,6 хувь болж 7 дахин нэмэгджээ. Мөн хийжүүлсэн ундаанд хорт хавдар үүсгэдэг удаан хадгалах бодисууд агуулагддаг байна.
Тиймээс Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс хийжүүлсэн ундааны хэрэглээнээс татгалзах нь зөв юм гэж НАМЭХ-ны зүгээс үзэж буй юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож хийжүүлсэн ундааны хэрэглээ, түүний хор хөнөөлийг цаашид хэрхэн яаж бууруулах арга замын талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгээс эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг үндэслэн гурван үндсэн чиглэлээр зөвлөмж гаргах юм байна.