Өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэж байна. Энэ удаагийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцэх юм. Прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд түүнийг ХНХ-н сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олгосон байж болзошгүй, мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны үхлийн хэрэгт холбогдуулан эгүүлэн татах хүсэлтийг тавьсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эдгээр асуудалтай холбогдуулан Төрийн ордонд мэдээлэл хийж, өөрийгөө яллагдагчаар татагдах үндэслэлгүй хэмээн мэдэгдэж байсан.
Ийнхүү Н.Номтойбаяр гишүүний хувь заяаг хэлэлцэх Халдашгүй байдлын дэд хороог Ц.Нямдорж ахалдаг бөгөөд Ч.Улаан, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын гишүүд багтдаг юм.
Энэ удаагийн УИХ-ын хувьд УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр хүсэлт тавьж буй найм дахь гишүүн нь ийнхүү Н.Номтойбаяр болж байгаа байна. Түүнээс өмнө Д.Гантулга, Д.Мурат, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос гаргаж УИХ хүлээж аваагүй билээ.