Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тайлан, мэдээллийг сонслоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Энхболд санал хэлсэн юм. Тэрбээр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг, Цагаан дэл уулын орчим хилийн боомт нээх асуудлыг нутгийн иргэдээс санал авалгүй шийдвэрлэсэн. Ховор ан амьтантай, ундны усгүй шахам, онгон дагшин газар хилийн боомт нээж, суурин газар болгох нь зохисгүй гэдгийг иргэд хэлж байна гээд эл асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэн, шийдвэрлэх хүсэлт гаргалаа.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг энэ асуудлаар иргэдээс ирсэн өргөдлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт болон бусад холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахаар албан бичгээр хандсан бөгөөд албан мэдээлэл авсны дараа хэлэлцэх боломжтойг хэлэв.