Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад шинэ коронавирусийн халдвар гарах эрсдэл өндөр байна. БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдлээ.
Шинэ коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөсөөр байгаа. Гэтэл өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн талтай.
Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна. Зорчоод ирсэн тохиолдол томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байна.
ДЭМБ: Хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 24483 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас барсан. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байна.
БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 1 байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн.
7711 батлагдсан тохиолдолд дүн шинжилгээ хийвэл эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа. Халдвар нэг сартайгаас 99 нас хүртэл бүх насанд бүртгэгдсэн. БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд Хубэй мужид зорчсон өгүүлэмжтэй байгаа учир халдварын голомт болон халдвар гарсан газруудад зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног тусгаарлахыг хүсэж байна.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд: 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн зөвлөгөө, албан даалгавар өгч ажилласаар байгаа. Мөн тодорхой давтамжтай хяналт, шалгалтыг явуулж байгаа.
Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон энэ хугацаанд хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрснийг илрүүлж, хариуцлага алдсан нэг аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан.
Мөн хүнсний аюулгүй хангахад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан.