Улсын Онцгой комисс өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж цагаан сарыг гэр бүлийн хүрээндээ цомхон тэмдэглэхийг зөвлөсөн билээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг иргэний хувиар гаргаж буйгаа өнөөдөр /2020.02.08/ өөрийн албан ёсны цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ.
Тэрээр ” Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань Коронавирусийн халдвартай хүний тоо 3387, нас барсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Харин ХӨСҮТ-д тусгаарлан сэжиглэсэн зургаан хүний хариу сөрөг гарч коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдлоо.
Гэхдээ бид огт тайвширч болохгүй. Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусийн халдвар бүртгэгдсэн. Хятад улс вирусийн халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна.
Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусийн халдварлах “чадвар” маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна.
Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцөлийг бүрдүүлдгийг бид эхлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна.
Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл” хэмээн бичжээ.