Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар томоохон худалдааны төв, эмийн сангуудын үйл ажиллагаатай танилцав.
Ингэхдээ бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн эсэх, амны хаалт, ариутгалын бодисын нөөц хэр байгааг тодруулж байлаа. Энэ үеэр эмийн санчид амны хаалт, ариутгалын бодисын нөөц муу, махны худалдаачид худалдан авалт буурсан, махны үнэ бага хэмжээгээр нэмэгдсэн тухай танилцуулсан юм.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн амралтын өдрүүдэд томоохон худалдааны төвүүдээр судалгаа хийсэн. Махны үнэ нэмэгдсэн байна. Нийлүүлэлт болоод зохиомол хомсдолоос үүдэн махны үнэ бага хэмжээгээр нэмэгдсэнийг худалдаачид хэлж байна.
Энэ асуудлыг бид ШӨХТГ болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхантай ярилцаж, шийдвэрлэнэ. Нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Хангамж хүрэлцээтэй байгаа. Тиймээс иргэд зохиомол хомсдол үүсгэхгүй байхад анхаарах шаардлагатай. Мөн маск, ариутгалын бодисын үнэ нэмэгдсэн, хүрэлцээ тааруу байна.
Маск үйлдвэрлэдэг газруудтай гэрээ байгуулж, үнийг нь нэмэхгүй байхаар арга хэмжээ авна. Үйлдвэрлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэд хүчээ нэгтгэхийг уриалж байна. Хүчээ нэгтгэж байж бид бэрхшээлийг даван туулж чадна. Хөрш зэргэлдээ орнууд, ДЭМБ-тай хамтарч ажиллаж байгаа. Тиймээс иргэд хямарч, бухимдах биш эрүүл ахуйгаа сахиж, нэгдэн ажиллах хэрэгтэй. Уламжлалт цагаан сарын баяраа цахимаар буюу шинэлэг хэлбэрээр золгоно. Золголтын мөнгийг мобайл банкаар шилжүүлэх боломжтой. Бид Монголбанк болон Банкны холбооныхонтой уулзаж, золголтын мөнгийг шимтгэлгүй шилжүүлэх чиглэл өгсөн.
Одоогоор уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутлаа тайлж болохгүй гэдгийг зарим эдийн засагчиддаа хэлье. Эдийн засгаа аль болох эрсдэлгүй авч гарахаар ажиллаж байна. Эдийн засгийн эрсдэлүүдийг тооцох асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. Зээлийн хүүг бууруул гэж шууд хэлж болохгүй. Харин бодлогын арга хэмжээ авна” гэлээ.