Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар нэг шөнийн дотор коронавирусийн 256 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 2022 болжээ. Нас барсан хүний тоо 13 байна. Шинээр бүртгэгдсэн халдварын талаас илүү хувь нь буюу 182 хүн зүүн өмнөд хэсгийн Тэгү хотод байрладаг Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс байгаа бол 49 нь хөрш зэргэлдээ хойд Кёнсон мужийн иргэд байгаа юм. Мөн Сөүлд дахин зургаан тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (KCDC) мэдэгдлээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ойрын өдрүүдэд халдварын тархалт үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд бусад хот тосгодод амьдардаг Христийн шашны Шинчонжи сүмийн 210 мянга гаруй гишүүнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа аж. Тус улсын хувьд халдварын голомт нь энэхүү сүм болоод байгаа билээ.
Covid-19 халдварын улмаас тус улсад болох байсан АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт хойшлогдож, тус улсад суралцдаг гадаад оюутнууд нутаг буцаж эхэлжээ. Түүнчлэн халдвар огцом хурдацтай тархах болсонд ард иргэд нь Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг зохион байгуулалт муутай ажилласных хэмээн буруутгаж түүнийг огцруулах саналд нэг сая гаруй иргэн гарын үсэг зурсан байна