Корона вирусийн тархалт олон улсад нэмэгдэж байгаа нь дэлхийн болон Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, онцгой нөхцөл байдал үүсч, бизнес эрхлэгчид, ялангуяа түрээслэгчид туйлын хүнд байдалд ороод байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Mонголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч T.Хонгор, “Супер Рубин” ХХК-ийн захирал Э.Халиун нар мэдээлэл хийлээ.
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Шинэ корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод гуравдугаар сарын 30-ныг хүртэл бараг бүх төрлийн үйлчилгээний газруудыг хязгаарласан байгаа.
Мөн худалдаа, эрхлэгчдийн хувьд орлого нь үндсэндээ хаагдсан, бараа татан авалт саатсан зэрэг хүнд нөхцөлд байна. Манай тойргийн иргэд, бизнес эрхлэгчдээс энэ талаар маш их санал, хүсэлт ирүүлж байна. Гэвч яг энэ асуудал дээр Засгийн газар, холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй байна” гэв.
“Супер Рубин” ХХК-ийн захирал Э.Халиун “Монголын зах зээлийн 50 гаруй хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэдгээрийн ажилтан, ар гэрийнхэн эзэлдэг. Хөл хорио тогтоосноос хойш жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хүнд байдалд ороод байна. Эргэлтийнхээ орлогоор цалин, татвар, түрээсээ төлдөг байсан бол одоо бүр мөсөн зогсчихлоо. Бид түрээслүүлэгч байгууллагууддаа хамтын ажиллагааны хүрээнд давагдашгүй хүчин зүйлийг харгалзан, хамтдаа даван туулья гэсэн албан бичиг өгсөн боловч хүлээж авахгүй байна.
Гэтэл дэлхийн бусад улс орнуудад хоёрдугаар сарын 6-наас тавдугаар сарын 6 хүртэл бүх бизнес эрхлэгчдээ татвар, түрээсээс нь чөлөөлж байна” хэмээлээ.
Тэдний хэлж буйгаар, эдийн засгийн энэ хүнд нөхцөлд Монгол Улсын дундаж давхаргынхан нэрвэгдэх эрсдэл үүсч байгаа тул Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин, түрээсийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар санаачилгатай ажиллаж, 2020 улсын төсөвт тодотгол хийхийг уриалсан юм.