Дэлхий нийтээрээ хуванцар савны хэрэглээг танаж, байгаль дэлхийдээ ээлтэй шийдэл олохыг хичээж буй. Үүнд хүн бүрийн оролцоо хэрэгтэй ба шинийг санаачлагчдын шинэлэг үр дүн чухалд тооцогдож байна.
Ингээд та бүхэнд Шотланд улсаас гаралтай инженер Тоби МакКартнийг танилцуулъя. Тэрээр хуванцар хог хаягдлыг төгс ашиглах аргыг олсон нь олон хүний сайшаалыг хүлээгээд байна. Тоби МакКартни хаягдал хуванцар савыг ашиглан машины зам бүтээсэн нь маш сайн чанартай, удаан эдэлгээтэй болжээ.
Үүнийг хийхэд түүнд хоёр зүйл нөлөөлсөн аж. Нэгдүгээрт тэрээр үр хүүхдэдээ хуванцар хог хаягдлаар дүүрч, бохирдсон далайг үлдээхийг хүсээгүй гэнэ. Хоёрдугаарт түүнийг Энэтхэг улсад аялж байхад нутгийн хүмүүс хуванцар савыг хайлуулан замын эвдэрсэн хэсгийг нөхөж байхыг харж, санаа авжээ. Ингээд өөрийн компанийг үүсгэн байгуулах эхлэлийг тавьсан байна.
Тоби МакКартни CNN сайтад өгсөн ярилцлагадаа “Манай компанийн бүтээж буй зам нь уламжлалт замтай харьцуулахад гурав дахин илүү эдэлгээ даана” хэмээн онцолжээ.
Тэд 500-600 өөр төрлийн полимерийг хольж, бололцоот хувилбарыг гарган авсан байна.