Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэнг өнөөдөр хүлээн авч уулзан “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцлоо.
Ж.Чинбүрэн эмч “Манай улсад жилд 6000 хүн, өдөрт 16 хүн элэгний хорт хавдраар өвчилдөг. Хавдрыг эцсийн шатандаа орсны дараа мэдсэнээр 4000 орчим хүн жилд нас бардаг гэсэн судалгаа бий. “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдвал бид тоног төхөөрөмж, сургалт, оношилгоо, эрт илрүүлэг, эмчилгээ, менежмент гээд иж бүрэн шинэчлэл хийх боломж бүрдэнэ” гэв.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Бид хүн төвтэй хөгжлийг бий болгох том зорилго тавин ажиллаж байгаа. Хорт хавдраас үүдэн жилд 4000 хүн нас барж байна гэдэг бол маш харамсалтай тоо. Иймээс хорт хавдрыг эрт илрүүлэх ажилд анхаарч ажиллах нь чухал байгаа юм. Энэ хөтөлбөрийг дэлхийн 17 хотод хэрэгжүүлж байгаа. Бид 18 дахь хот нь болж “Хорт хавдаргүй хот” байхын төлөө ажиллана” хэмээв.
ДЭМБ-ын дэргэдэх хорт хавдартай тэмцэх олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн хурал ирэх долоо хоногт хуралдаж, Улаанбаатар хотыг “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамруулах эсэхийг шийдэх аж.