Улсын Онцгой Комиссын 13 дугаар өнөөдөр хуралдаж хэд, хэдэн чухал шийдвэр гаргажээ.
Тухайлбал, их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Одоо Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Энэ өөрчлөлттэй холбогдуулан 2020 оны наймдугаар сарын 15-наас хичээл эхлүүлэх зохицуулалт хийж байна” гэв.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоогоод байсан ч үргэлжлүүлэн нэг сараар сунгаж байна.
Эрдэмтэн, судлаачдын зүгээс COVID-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг сунгах саналаа ЭМЯ-наас хүргүүлсэн тухай мэдээлж байсан билээ.