УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг авч хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь намуудын бүлгийн санал дүгнэлтийг сонссон. АН-ын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга С.Эрдэнэ хуралдаанд уншиж танилцуулав.
Тус бүлгээс төсвийн тодотголтой холбоотой хууль, тогтоолын төсөл нь ард иргэд, бизнес эрхлэгч-баялаг бүтээгчид, төрийн албан хаагчид, ахмад буурлууд, бидний хойч үе болсон оюутан залуусын эрх ашгийг үл хүндэтгэсэн, Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомж, Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй бүхэлдээ зөрчилдсөн, эдийн засгийг улам бүр доройтуулах заалтуудыг агуулсан хэмээн үзсэн аж.
Бүлгийн дүгнэлтэд дурдсанаар бол, \”Өрийн таазыг 2020 он гэхэд 100 хувьд хүргэхээр байгаа. Мөн дээрх хуулийн төслүүдэд хямралыг богино хугацаанд даван туулах арга хэмжээний талаар тодорхой шийдэл, хувилбар, санал байхгүй байгаагийн сацуу тооцоо судалгааг бодит байдалд тулгуурлаж хийгээгүй, тооцоолол нь олон удаа огцом их дүнгээр өөрчлөгдөж байна.
Мөн Засгийн газар эдийн засгийн хямралын үндсэн шалтгааныг олж тодорхойлж чадахгүй, мухардалд орсон нь харагдаж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, тэдгээрийн зохицуулалтууд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого гэсэн бүлгийн 1.6, 1.12, 1.13, 1.14 Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого гэсэн бүлгийн 2.69, 2.70, Нийгмийн бодлого гэсэн бүлгийн 3.1.4, 3.1.5, 3.1.22, 3.2.20, 3.2.22, 3.2.25, 3.3.11, 3.3.12, 3.3.17, 3.3.23, Засаглалын бодлого гэсэн бүлгийн 5.1.11, 5.2.3, 5.5.8-тай ноцтой зөрчилдөж байгааг та бүхэн сайн мэдэж байгаа. Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй нийцээгүй хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцсэн нь анхнаасаа хууль бус байлаа.
Та бүхэн МАН-ы мөрийн хөтөлбөрийн 2.1.4-т Засгийн газар өр зээлийн нөхцөл, гэрээний асуудлаар дахин хэлцэл хийх, үндсэн төлбөрийн төлөх хугацааг хойшлуулах, улсын төсөвт учирч буй өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авна гэж зааснаа бүхэлд нь зөрчиж байгаагаа дахин нэг санаарай. Төсвийн орлогын дутагдлыг иргэд, аж ахуйн нэгжийн халааснаас авах бус тодотголд шинээр оруулж ирсэн Улсын төсвийн хөрөнгөөр болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2016 онд санхүүжүүлэх, эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардалд тусгагдсан 243.5 тэрбум төгрөгийг хасах замаар шийдвэрлэх боломжтой, мөн төсвийн орлогыг жилдээ 500 тэрбумаас 1 их наяд хүргэж нэмэгдүүлэх бодит боломжтой. Түүнчлэн Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн зарчим, тусгай шаардлагуудыг ноцтой зөрчиж төсвийн урсгал зардлыг 574.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр оруулж ирсэн нь Засгийн газар төрийн хэрэгт туйлын хариуцлагагүй ханджээ.
Уурсгал зардлаа танах талаар ямар ч ажил хийж чадаагүй Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хуваах замаар ялгаварлан өгөх шийдвэр гаргалаа. Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгасан явдал ч дээрх хууль тогтоомжийг зөрчиж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгоос ухарсан явдал боллоо.
Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосноороо энэ тэтгэврийг авах бололцоотой 76 мянга орчим иргэний эрхийг хохироолоо. Эцэст нь 65-ын бүлгийн эрхэм гишүүдэд хандаж хэлэхэд асуудлыг дийлэнх олонхын хүчээр түрий барин шийдэж байгаа бодлого, үйлдэл бүрийн чинь цаана иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг зөрчигдсөөр байгааг анхаарч, хуулиа дээдэлж, ёс зүйтэй ажиллахыг хатуу анхааруулан шаардаж байна\” гэв.
Эх сурвалж: \”Монцамэ” агентлаг