Өмнөд Солонгост өнөөдөр парламентын сонгууль болж байна. Энэ сонгуулиар тус улсын Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгоно.Сонгуульд 35 намын нэр дэвшигчид өрсөлдөж байгаа бол гол өрсөлдөөн эрх барих Минжү (Ардчилсан) нам болон сөрөг хүчний Нэгдсэн ирээдүй намын хооронд болох аж. Цар тахлын үед болж буй сонгуулийн үйл явц олон улсын анхаарлыг татаж байгаа бөгөөд тус улс шинэ төрлийн Корона вирус(COVID19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх нийгмийн зай барих хөдөлгөөнийг сонгуулийн өдөр үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Урьдчилж саналаа өгсөн иргэд нийт сонгогчдын 26.7% хувийг эзэлсэн нь өнгөрсөн парламентын сонгуулиас 2 дахин илүү үзүүлэлт гэнэ.
Сонгуулийн санал хураалт: 06:00-18:00 цагуудын хооронд явагдана
Санал өгөхөд иргэд хоорондоо 1 метрийн зай барьж, халуунтай эсэхээ шалгуулсны дараа гараа ариутгалын бодисоор ариутгаж, 1 удаагийн гялгар уутан бээлий өмсөн саналаа өгч байна. Саналаа өгснөө баталгаажуулж гаран дээрээ тамга дардаг уламжлалыг хэрэгжүүлэхгүй байхыг Сонгуулийн ерөнхий хороо нь шийдвэрлэсэн. Учир нь олноороо хэрэглэх тэрхүү дардасыг биендээ хүргэх нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.
Гэрийн хорионд буй иргэд хэрэв халуураагүй, мөн ханиалгаагүй бол 17:20 цагаас 19:00 цагийн хооронд түр хугацаагаар санал өгөхөөр гэрээсээ гарахыг зөвшөөрсөн байна. Тэдгээр иргэд нийтийн тээврээр зорчиж болохгүй бөгөөд хэрэв санал өгөх цэгт 18:00 цагаас өмнө ирсэн бол тусгаарласан тусгай орчинд хүлээж байгаад 18:00 цагаас саналаа өгөх зохицуулалт хийгджээ.
БНСУ-д 2000 оноос хойш парламентын сонгуулийн санал хураалт 60% хэтрэхгүй байсан бол энэ удаагийн сонгуулиар рекордыг шинээр тогтоож магадгүй байгааг мэдээлж байна. Сонгуулийн ирц дөнгөж 50 хувь хүрнэ гэж тооцоолж байсан бол 14:00 цагийн байдлаар 53% тай явж байна.
Тус улсын цагаар 22 цагийн орчимд нийт 253 сонгуулийн тойргийн ялагч нар тодорч, намын жагсаалтаар гарч ирэх гишүүдийн нэрс нь саналыг гараар тоолдог тул 2 хоногийн дараа, 17-ны өдөр тодрох юм байна.