АН-аас УИХ-д нэр дэвшихийг горьлогсод 100 сая төгрөгөө тушааж дууссан бололтой. Эдийн засагч Х.Ганхуягийн мэдээлснээр одоогоор 180 хүн 10 сая төгрөгөө тушаасан бөгөөд тэднээс 76 нь нэр дэвших эрхээ авах юм байна.
Нэр дэвшихээр горьлогчдыг судалбал энэ удаад АН-ын дарга С.Эрдэнэ зөвхөн 100 сая төгрөгөө тушаасан байх шаардлага тавьсан бололтой ажиглагдаж байна. Учир нь тэдний дунд өмнөх УИХ, Засгийн газрын үед төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ албан тушаал, авилгын хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн нэр байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Тухайлбал:
Хятадын талаас дансны хуулгаа ирүүлээгүйгээс сая долларын
хэргээ хаалгасан нэр дэвшигч
Төв аймагт горьлогч Д.Доржпүрэв. Энэ хүн 2012-2016 оны Засгийн газарт Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн 35 сая ам.долларын санхүүжилттэй “ДЦС-3” ТӨХК-ийг өргөтгөх Чингис бондын мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон ЭЦГ-т шалгагдаж байжээ: Тухайн үед ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс түүнд ЭХ-ийн 148.4 болон 166.1.2-т заасан бүлэглэн онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан хэрэгт шалгаж байжээ. Хэргийг сөхвөл:
Д.Доржпүрэв ЭХ-ний дэд сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид дээрх төслийн хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэх үйлдэлд түүнийг буруутгасан байдаг. Шалгалтын явцад манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэй лун жан хуа нян минерал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ван Либао, түүнтэй хамтран бизнес эрхэлдэг “Шижиа инвестмент” компанийн захирал Жин Шиху нарын дансаар дамжуулан дээрх банк бус санхүүгийн байгууллагынхаа “Голомт” банк дахь дансаар нийт нэг сая ам.доллар авсан нь тогтоогдсон юм билээ. Уг мөнгө нь 2013 оны найм болон арваннэгдүгээр сард ББСБ-ын дансанд орсон нь, уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан гэдэг.
Гэвч “БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансны хуулгыг Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу өмнөд хөршөөс авахаар хүсэлт тавьсан ч ирүүлээгүй тул АТГ-аас хэргийг хаах хүсэлт энэ оны эхээр тавьж Прокурор хүлээн авчээ. Гэхдээ дээд шатны прокурорууд энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин сэргээн шалгах боломжтойг эх сурвалж үгүйсгэсэнгүй.
“Эрдэнэтийн 49” хэрэгт яллагдагчаар татагдсан
нэр дэвшигч
Архангай аймагт горилогч Б.Болор. Түүнийг Сангийн сайд байхдаа Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьчилж авсан “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарт холбогдох хэрэгт өнгөрсөн оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар татсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл Б.Болорт холбогдох үйлдэл нь хэрхсэн нь тодорхойгүй.
Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн төмрийн хүдрийн үүц болох Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн орд чиглэлд буюу төмөр замын “Хандгайт” өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажлын санхүүжилттэй холбоотойгоор шалгагдаж байгаа. “Кью Эс Си” ХХК нь өөрийн хамаарал бүхий “Монголиан рейлвэй корпорэйшн” компаниар бариулахаар гэрээ баталж, 106.8 сая гаруй ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар авч барьсан.
Улмаар дээрх чиглэлийн замыг “Монголын төмөрзам” төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж тухайн үеийн Сангийн сайд Б.Болороор 2016 оны хоёрдугаар сарын 26-нд төлбөр гүйцэтгэх актыг баталгаажуулсан байдаг. Төмөр замын концессын энэ хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа гэж мэдээлж байсан ч хэрхсэн нь тодорхойгүй намдсан.
Ривер гардены 1,1 тэрбум төгрөгийн үнэтэй байр нь авилга байсан эсэх нь тодорхойгүй нэр дэвшигч
Дундуговь, Говьсүмбэрт горилогч Р.Эрдэнэбүрэн. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Ривер гарден” хотхонд өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 м2 орон сууц авсан эх сурвалжаа тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр 2015 онд АТГ-т шалгагдан яллагдагчаар татагдаж байсан.
Гэвч Дээд шүүхээс өнгөрсөн оны 03.13-ны өдөр хэрэгсэхгүй болсон. Прокурор хэд хэдэн удаа эсэргүүцэл бичсэн ч үл тоосон, маргаантай байгаа. Хэрэг хуучирдаггүй тул эцсийн шийдийг цаг хугацаа харуулна.
Учир нь Р.Эрдэнэбүрэн Ерөнхийлөгч Баттулгатай тун ойрын холбоотой бөгөөд анх УИХ-д “Эрэл” намаас хамтдаа УИХ-д сонгогдсоноос хойш хуурай ах дүүгийн дотно харьцаатай хэмээн улс төрийн хүрээнийхэн нь ярьж байна.
Үргэлжлэл бий….