Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газраас шатахууны чанар, дүүргэлтэд Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газартай хамтран шалгалт хийж буй юм байна.
Иргэдийн зүгээс шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахдаг, чанаргүй байна гэх гомдол мэдээллийг байнга ирүүлдэг ажээ. Харин гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалтын дүнг шатахуунаас авсан дээжид лабораторийн дүн эцэслэн гарсны дараа ирэх долоо хоногт мэдээлэх юм байна.
Одоогоор зөрчил гаргасан шатахуун түгээх станцыг тодотгож хэлэх боломжгүй.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “ШӨХТГ-аас шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийх хоёр ажлын хэсэг гаргалаа. Өнөөдрийн шалгалт коронавирусийн халдварын тархалттай байгаа үед явагдаж байгаагаараа онцлогтой. Шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуйн нэгжид түүврийн аргаар шалгалт хийнэ. Хөндлөнгийн иргэдийн төлөөллийг оруулж шалгалтын ажлыг явуулна.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд шалгалтын явцад бидэнтэй хамт явах нь нээлттэй.
Шалгалтын үр дүнг газар дээр нь гаргах боломжгүй. Иймээс шатахууны дээжийг нь авч мэргэжлийн лабораторийн газраар дүн шинжилгээ хийлгүүлнэ. Нийслэл дэх бүх шатахуун түгээх станцад хяналт шалгалт хийх боломжгүй учир түүврийн аргаар хийнэ. Иймээс шатахуун түгээх станцууд бидний шалгалтын ажилд саад учруулахгүй шатахууны чанар, шахалтын байдлыг ил тод мэдээлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хяналт шалгалтын ажиллагаа өнөөдрөөс шууд эхэлж, лабораторын шинжилгээний дүн гарсаны дараа албан ёсны дүнг ирэх долоо хоногт танилцуулна”
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлснээр А92 бензин шатахууны шатахуун түгээх станц, импортлогчид шатахууны стандартыг хангасан байх ёстой гэдгийг тодотгов. Стандартын дагуу зөвхөн үйлдвэрлэгч тухайн өөрийн бүтээгдэхүүнд чанар сайжруулагч бодис хийхээр заасан байдаг аж. Харин хувь хүмүүс, аж ахуй нэгж нь шатахууны чанарыг сайжруулахаар нэмэлт бодис хийхийг хориглодог байна.
Иргэдийн хувьд чанаргүй шатахуун борлуулдаг, дутуу шахсан гэх зөрчилд тухайн шатахуун түгээх станцад шууд гомдол гаргах эрхтэй. Тухайн шатахуун түгээх станцаас иргэдийн гомдлыг барагдуулах, шатахуун дүүргэлтийг үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг аж. Шатахуун түгээх станцуудад заасан шатахууны чанарыг мэдээлэх эрхтэй байдаг ч стандартаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шатахууны чанарыг мэдээлдэггүй гэлээ. Иймд шатахууны чанарыг нээлттэй мэдээлэх ёстой гэдгийг мэдээлэв.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэдээллээр шатахууны үнэ 50 төгрөгөөс 330 төгрөг хүртэлх төгрөгөөр буурсан дүнтэй байна. Цаашид шатахууны үнийг буулгах асуудлаар Уул уурхайн яам, Газрын тосны ашигт малтмалын газар судалж байгаа аж.
Харин шатахууны үнэ буусан байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг буулгах тал дээр үнийн мэдээллийг цахим орчинд ил тод мэдээлэхийг иргэдэд уриаллаа.
Шатахууны үнэ буусантай холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ буулгахыг бизнес эрхлэгчдэд шаардлага зөвлөмж өгсөн байна. Зарим такси үйлчилгээнүүд үнээ буулгасан гэдгийг тодотголоо.
Тус газраас хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд монополь аж ахуйн нэгжүүдэд үнийн хяналт тавьдаг тул одоогоор монополь аж ахуй нэгж байхгүй тул тодорхой хэмжээнд эрхэд хязгаарлалт үүсдэг аж. Хэрэв олон нийтийг төөрөгдүүлсэн зүйл байвал хуулийн дагуу арга хэмжээ авахаа мэдэгдэв.