Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Гадаадаас иргэдээ татах ажиллагаатай холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс их хэмжээний өргөдөл ирж байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь тагнуул, цагдаагийн байгууллагын хяналтан дор ажиллаж байна. Өргөдлийг зөвхөн Шуурхай штабад ирүүлнэ үү. Үүнд Шуурхай штаб болон Консулын газарт хамтран дүн шинжилгээ хийж байгаа. Өөр газарт хаяглан хүргүүлэх, албан газрын үүдэнд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсье” гэв.
Түүнчлэн тэрбээр ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтоор орж ирж буй олон улсын ачаа тээврийн зохион байгуулалтад өчигдрөөс эхлэн өөрчлөлт оруулсан тухай мэдээллээ.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дээр ирсэн монгол, гадаад бүх жолоочоос шинжилгээ авахаар болсон. Шинжилгээний хариу СӨРӨГ гарвал Улаанбаатар хот руу хөдөлгөөн үйлдүүлнэ. Харин хариу ЭЕРЭГ гарсан тохиолдолд Сэлэнгэ аймагт тусгаарлах арга хэмжээг үе шаттайгаар авна” гэлээ.