Сүүлийн үед цагдаагийн байгууллагад Монгол Улсын иргэдийн банкны картан дахь төлбөрийн мэдээллийг хууль бусаар олж авч, гадаадад гүйлгээ хийсэн хэрэг бүртгэгдэх болжээ. Одоогийн байдлаар банкны картны залилангийн гэмт хэрэгт өртсөн, хохирогч болсон 480 гаруй иргэний хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна. 480 иргэн 120 сая орчим төгрөгөөр хохироод байгаа аж. Тиймээс иргэд цахим картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нэн яаралтай хаалгах, өөрийн итгэлгүй хүндээ картаа өгөлгүй хувийн мэдээлэл, нууц дугаараа хэлж өгөхгүй байх шаардлагатай юм.
Мөн АТМ-аас мөнгө авахдаа арын хүндээ нууц дугаараа харуулахгүй байх, мессеж банкны үйлчилгээ идэвхижүүлж, гүйлгээгээ тухай бүрт нь хянадаг байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулж байна.
Банкны картны залилангийн хэрэгтнүүд манай улсаас гадна Зүүн өмнөд Азийн улсуудад гүйлгээ хийсэн байна. Энэ төрлийн хэрэгт холбогдуулан одоогоор БНХАУ-ын хоёр иргэнийг цагдаагийн байгууллагаас сэжиглэн шалгаж байгаа юм байна.