УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд 208 хүн бие даан нэр дэвшихээр болсон нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Энэ тухайд улс төрийн хүрээнийхэн төдийгүй хуульчдын зүгээс байр сууриа илэрхийлж эхэллээ.
“Элсэн цаг” нэвтрүүлгээр дээрх асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр хуульч Ү.Амарбат бие даагчдын зорилго болон төрд гараад ажил хийх боломжтой эсэх талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Иргэд хоёр намд итгэл алдарсан байна уу, эсвэл бие даагчийг дэмжээд байна уу гэдэг асуулт л байгаа юм. Хоёр том намд иргэд итгэл алдарсан нь үнэн. Тийм ч учраас бие даагчид ингэж олноороо гарч ирээд байна. Гэтэл тэд бие дааж байгаа юм бол яагаад тэднийг төлөөлж нэг хүн яриад байгаа юм бэ.
“Бид бие даагчдын зөвлөл” гээд нэг хүн яриад байна шүү дээ. Бие дааж байгаа юм бол юунд нэгдээд байгаа юм бэ. Ингээд харахаар цаана намын зохион байгуулалт байгаад байна шүү дээ. Үзэл бодлоороо цаанаа нэгдчихээд байна. Гэсэн атлаа наанаа бие даагч гэсэн халхавчтай. Дахиад нэг нам гээд гараад ирэхээр иргэд сонгохгүй гэж тооцоод байна шүү дээ. Иргэдийг саналаа өгөх магадлалтай гэж тооцоод бие даагч гэсэн статусаар фокуслачихаад байна.
Бие даагчдаас Ерөнхий сайдыг хүртэл томилж болохгүй. Ийм заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд оруулчихсан. Ийм нөхцөлд бие даагчид олонх болчихвол нэг бол Үндсэн хуулиа өөрчилнө. Үгүй бол Ерөнхий сайдаа томилж чадахгүй 45 хоног гацаад парламент тараад дахин сонгууль явахад хүрнэ л гэсэн үг.
Бие даагчдыг хэд хувааж болж байна.
Нэг хэсэг нь хэдэн бизнесменээр удирдуулсан хүмүүс. Нөгөө хэсэг нь намдаа гологдсон, шаралхсан байхад нөгөө талд хонзонгоо тайлах гэсэн хэсэг ч байна. “Тэр хаана дэвшинэ, би тэнд нь үзнэ” гэх жишээний. Ингэхээр бие даагчдаас гэрэл гэрээ харагдахгүй байгаа юм” гэлээ.