Луйварчид хэрэглэгчдийн хайнга байдлыг далимдуулан банкны картын мэдээллийг ашиглан зөвхөн 2013 оны байдлаар зургаан тэрбум ам.доллар хулгайлсан гэж Британий \”Payments Cards & Mobile” агентлаг анхааруулсан тухай \”РИА” мэдээлж байна.
Зургаан тэрбум ам.доллар гэдэг асар их мөнгө. Гэтэл энэ бол зөвхөн АНУ, Канад ба Европын холбоонд хамрагдах батлагдсан мэдээ. 2014-2015 онд банкны данснаас карт ашиглан луйварчдын хулгайлсан мөнгөний хэмжээ ба Ази, Өмнөд Америк, Номхон далайн бүс нутгийн улсуудад гарсан тохиолдлыг үүнд оруулаагүй байгаа гэхээр энэ төрлийн луйврын цар хүрээ бодит байдал дээр ямар их болохыг төсөөлөхөөс ч аймаар.
Банкны карт ашиглан өдөр болгон хэдэн мянгаар хийгдэж байгаа луйврыг зогсоох үүднээс төлбөр хийх төхөөрөмж, бэлэн мөнгө олгох хуучин АТМ-ийг солих, картыг соронзон туузны оронд чиптэй болгох гэх мэт арга хэмжээ эхэн үедээ л бодит нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл эдгээр арга хэмжээний дараагаар банкны карт ашиглан хийгддэг хулгай, луйврын үйлдэл цөөрч эхэлсэн ч хэсэг хугацааны дараа энэ төрлийн гэмт хэргийн тоо хуучин түвшиндээ хүрсэн төдийгүй өмнөхөөсөө давж гарсан байна.
Хулгай хийх түгээмэл арга
Банкны карт ашиглан хийдэг луйврын хамгийн түгээмэл арга нь картны талаарх мэдээллийг хулгайлах явдал. Картны мэдээлэл гэдэг нь картны дугаар, хүчинтэй үйлчлэх хугацаа, эзэмшигчийн нэр ба интернэт төлбөр хийхдээ ашигладаг CVV2 (CardVerification Value) эсвэл CVC2 (Card Validation Code) гэсэн гурван оронтой код.
Луйварчид иймэрхүү мэдээг хакер гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүсээс хар зах зээл дээрээс худалдаж авдаг.
\”McAfee Labs \” компани нь иймэрхүү төрлийн мэдээллийн үнийн санал дээр шинжилгээ хийгээд карт ашиглагддаг улс, бүс нутаг, эзэмшигчийн дансан дахь мөнгөний хэмжээ ба түүний талаарх мэдээллийн нарийвчлалаас хамаараад нэг картны талаарх хулгайн мэдээлэл 5-аас 200 ам.доллар хүртэл хэлбэлздэг болохыг тогтоожээ. Ийм мэдээллийг төлбөрийн терминал, банкууд руу хакерийн дайралт хийх эсвэл картны эзэмшигчээс хулгайлан олж авдаг байна. Мэдээлэл хулгайлах хамгийн түгээмэл хэлбэр нь ухаалаг утсанд зориулж тусгайлан зохиосон вирусууд. Зөвхөн Орост гэхэд л ухаалаг утсанд вирус халдварлуулах замаар 2014-2015 онуудад 100 сая гаруй рубль хулгайлсан гэдгийг кибер гэмт хэргийг мөрдөх ба урьдчилан сэргийлэх дэлхийн толгой компаниудын нэг \”Group-IB” мэдээлж.