УОК-ийн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн төгсгөлд шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярт “Хэрэв сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг хэн хүлээх вэ? Та хүлээх үү?” хэмээх асуулт ирэхэд “Хүнд асуулт байна. Олон нийтийн дунд уг өвчин тархвал шуурхай штабыг ахалж байгаа хүний хувьд хариуцлагыг би хүлээнэ. Өөр мэргэжлийн байгууллагуудад хамааралтай асуудал биш” хэмээх хариултыг өглөө.
Энэ удаагийн парламентын сонгууль дэлхийг хамарсан COVID-19 цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлог юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас “УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.
Уг журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгсөн.
Мөн үүнээс гадна сонгуульд нэр дэвшигчид цахим хэлбэрээр уулзалт зохион байгуулах боломжгүй бол уулзалтыг хоёр цагаас хэтрүүлэхгүй, хүн хоорондын зайг 1.5 метр байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй /гар барихгүй, тэврэх, үнсэх/ зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна гэсэн зөвлөмжийг мөрдөхөөр тусгасан юм.
Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн олон нийтийн уулзалт, цуглааны үйл ажиллагаа идэвхжин, хүн хоорондын зайг барилгүй, амны хаалт бээлийгүй тэвдрэлдэх улс төрчид, хүмүүсийн үйлдэл олны шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.