Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг буюу Хэрлэний Хөдөө арал нь Их Монгол улсын анхны нийслэл, Монгол төрийн голомт нутаг юм. Энд эртний Хамаг Монголын хаант төр оршин тогтнож, Их Аураг ордын анхны суурь давигдан, улмаар уг ордыг өргөжүүлэн хөгжүүлсээр Их эзэн богд Чингис хаан болон Тулуй, Өгөдэй, Гүюг, Мөнх нар үе улиран сууж төрийн үйл хэргийг эрхлэн явуулж байлаа. Мөн Чингисийн алтан ургийн Есөнтөмөр, Адай, Батмөнх, Боди-Алаг нар хаан ширээнд өргөмжлөгдсөн зэрэг түүхэн баримтууд улам тодорхой болж байна.
Их хааны зарлигаар дархлагдсан Хэрлэний Хөдөө аралд Төрийн Их хатан Бөртэд зориулсан хэмээх Их Аураг Орд, Хулан хатны “Харилт” орд үүдээ нээж, алдарт Саарь хээр дэх Хүрүйн ордыг Есү, Есүгэн нарт эзэмшүүлж байсан бөгөөд Тэмүүжингийн тайчуудаас зугтааж амьд үлдсэн Хүрүлхү уулын эргэн тойрон тэр чигтээ Чингисийн алтан ургийн өвөг дээдсийн нутаг байж, хан хөвгүүдийг төрүүлж өсгөсөн юм. Аураг ордын эхний бүтээн байгуулалт 1140-1155 оны хооронд явагдаж, цаашлаад 1270 он хүртэл эрчимтэй өрнөсөн он цагийн хэлхээсийг нэрт эрдэмтэн Х.Пэрлээ 1950-иад онд анх олж тогтоон, энэхүү ордыг нутгийн иргэд үеийн үед хамгаалсаар байгааг тэмдэглэжээ.
Хэрлэний Хөдөө арлын Хүрүлхү-д анх Монгол төрийн Их цагаан сүлдийг тахиж, Шилхэнцэг хайрханд Хар сүлдийг бодилж бүтээсэн түүхтэй. “Монголын нууц товчоо” хэмээх алдарт бүтээлийг Хэрлэний Хөдөө аралд бичсэн бөгөөд энэхүү гайхамшигт туурвилд Хэрлэний Хөдөө арлын хорь орчим түүхэн газар усны нэр тэмдэглэн үлджээ. Тодруулбал, Хиад боржигоны Бурхан Галдун уул, Долоон болдог хайрхан, Сэнгүр горхийн Таван болдог, Хүрүлхү доторхи Сэнгүр горхи, Жалма, Улугайн булаг, Гүсүгэр нуур, Тэмээн хээр, Адуу чулуу, Хүйтэн, Саарь хээр, Хар зүрх хайрхан, Хөх нуур, Тэргүүн өндөр, Хуба хаяа, Хар талын үзүүр, Ханхар хан, Хачир ус гэх мэт уугуул нэрээ хадгалсаар байна.
Их гүүш Б.Ренчин 1949 оны өвөл Хэрлэний хөдөө аралд очиж гэр барин хэдэн сар судалгаа хийгээд “Энэ ард түмний дунд 13-р зууны АЛТАН УРГИЙН хэл яриа, ёс заншил, эд өлгийн зүйлс үлджээ” гэж дүгнэсэн байдаг. Энэ мэтээр судалгааны өөр олон баримтуудаас тоочоод байвал зөндөө их юм бий. Гэхдээ бас бүрэн судлагдаагүй зүйл ч олон байгаа. Цаашдаа харин тэр бүгдийг аялал жуулчлалын хэдэн “шавар амбаар” барих, уул уурхайн хайгуул олдворлолт хийх нэрээр сүйтгүүлчихгүй байх нь чухал болоод байна. Мөн үүнээс гадна Хэрлэний Хөдөө арлыг дэлхийн соёлын өв санд албан ёсоор багтааж, юун түрүүнд Юнескогийн соёлын өвд бүртгүүлэх хэрэгтэй болжээ. Харамсалтай нь өнгөрсөн жилүүдэд нутгийн иргэд, зарим судлаачдын зүгээс энэ тухай санал, хүсэлтийг олонтоо гаргаж байсан ч тухайн үеийн эрх баригчид төдийлөн хайхарч үзэлгүй Хэрлэний Хөдөө аралд газрын тосны хайгуулын лиценз олгож, олон нийтийг бухимдуулсаар өдий хүрчээ.
Б.Отгонбаяр