Дэлхий нийтийг цочроосон “COVID-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан АНУ-д тусламж үзүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.
Энэ шийдвэрийн дагуу АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хүргэх “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийг хүргэхээр Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн 7801 дугаартай шууд нислэг өнөө өглөө АНУ-ын Сиатль хотыг зорилоо.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол талд талархал илэрхийллээ. Тодруулбал “Монгол улсад маш их баярлалаа. Тусгай дипломат нислэг Монгол улсын хандивласан 1 сая ам.долларын өртөг бүхий 60000 эмнэлгийн халатыг АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Газарт хүргэн өгч коронавирустай тэмцэхэд нь дэмжлэг болох юм. Гургавдагч хөршүүд, найз нөхөд, стратегийн түнш хүнд үедээ нэгэндээ найддаг. Энэхүү хандив нь эмнэлгийн галын шугам дахь болон чухал шаардлагатай ажилчдад маань хамгаалалттай, үнэт хувь нэмэр болох болно” гэжээ.