Үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй МАН-ын түүхэнд нэг шинэ зүйл тэмдэглэгдэн үлдэж буй нь нийслэлд байгуулсан ялалт юм. МАН өнгөрсөн 30 жилийн хугацаанд болсон долоон удаагийн парламентын сонгуулиар хэзээ ч энэ удаагийнх шиг түүхэн ялалт байгуулж байгаагүй.
Харин 2020 оны сонгуулиар нийслэлийн МАН анх удаа 91,7 хувиар ялалт байгуулсан дээд амжилт үзүүлэв. Тодруулбал, нийслэлд нэр дэвшсэн 24 нэр дэвшигчээс 22 нь ялалт байгуулаад байна.
Улс төрийн намууд сонгуулийн маргаашаас дараагийн сонгуульдаа бэлддэг гэсэн үг бий. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Ялсан хийгээд ялагдсан намын аль алинд нь орон нутгийн сонгууль чухал. Ялсан нам бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх “хөл”-өө бэхжүүлэх бол ялагдсанд нь сөрөг хүчний үүргээ анхан, дунд шатнаас хийх боломж байдаг.
МАН-ын ялалтад намын дарга У.Хүрэлсүх өндөр үүрэгтэй байсан шиг хотын ялалтыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас салгахын аргагүй.
Хариуцлага, дэг журам, эмх цэгцийг хотод тогтоохын тулд хүний өөрийн гэхгүйгээр хариуцлага нэхэж, нийслэлийн иргэдийн талд гаргаж байсан томоохон шийдвэрүүд түүнийг засаглаж байсан сүүлийн хоёр жилийн хугацааных гэвэл буруудахгүй.
Улаанбаатар хот орчин үеийн, өндөр технологийн, бие даасан, санхүүгийн хараат бусаар цаашид хөгжих бодлогын баримт бичгүүд мөн С.Амарсайханы бодлогоор батлагдсан.
У.Хүрэлсүхийн Засгийн газар Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” үзэл баримтлалаа УИХ-аар батлуулсан бол, С.Амарсайханы баг Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг мөн батлуулж чадсан.
“Алсын хараа 2050” хөтөлбөрт эхний дөрвөн жил хэрэгжүүлэхээр тусгасан зүйлүүд МАН-ын мөрийн хөтөлбөр болсон. Иргэд ч уг бодлогыг дэмжсэн, тус намд саналаа өгч, үнэмлэхүй олонхоор сонгоод байна.
Тэгвэл ирэх намар болох орон нутгийн сонгуулиар нийслэлийн МАН ямар баримт бичгийг “туг” болгож орох вэ?
Үе үеийн хотын парламент өөрийн гэсэн олон олон түүхэн шийдвэртэй. Улстөрчид тэдгээрийн дундаас сонгогчдын саналыг авах хамгийн чухлыг нь сугалж сонгуулийнхаа хөтөч болгодог. Харин энэ удаагийн НИТХ-д тийм түүхэн шийдвэр бий юү. Мэдээж бий. “Алсын хараа 2050” хөтөлбөр МАН-ын мөрийн хөтөлбөр болсон шиг Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг ч орон нутгийн сонгуулиар нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөр байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, С.Амарсайханы бодлого ирэх намрын сонгуулиар нийслэлд барих “туг” болох нь.
Нийслэлийг төрөлжсөн эдийн засаг, дагуул хот, дэд төвүүдтэй, хүн амьдрахад таатай орчин бүхий хот болгон хөгжүүлэх урт хугацааны бодлого уг үзэл баримтлалд бий.
Энэхүү баримт бичгийг Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх бодлоготой уялдуулан боловсруулсан гэдгээрээ хэрэгжих хамгийн боломжит баримт бичиг. Нэг үгээр хэлбэл, орон нутгийн сонгуулиар өөр амлалт, өөр зорилт хайх хэрэггүй гэсэн үг.
Эндээс харахад орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН С.Амарсайханыг ашиглах нь зөв. Тэртээ тэргүй бодлогыг нь боловсруулсан хүн түүнээс өөр байхгүй.
Л.ОЮУ
News.mn