УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа.
У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар боллоо.
Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсан тул Ерөнхий сайд ойрын хугацаанд сайд нараа томилж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулна гэдгийг чуулганы үеэр УИХ-ын дарга хэллээ. Шинэ Засгийн газрын сайд нарыг үндэсний их баяр наадмаас өмнө томилж, ажилд нь оруулахаар яригдаж байгаа аж.
Учир нь хуулийн төслийг баталсан өдрөөс дагаж мөрдөх тул Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч хориг тавьбал тодорхойгүй хугацаагаар Засгийн газар бүрдэж чадахгүй болохыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Батсуурь нар анхааруулж байв.
Харин Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн тул ойрын хугацаанд сайд нарын томилгоог хийх тул тодорхойгүй байдал үүсэхгүй гэдгийг УИХ-ын дарга хэлсэн юм.
Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг өчигдөр Ерөнхий сайд танилцуулан улмаар чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн. Улмаар өчигдөр 19:30 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хууль тогтоомжийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжсэн юм. Энэ дагуу өнөөдөр 09:00 цагт УИХ-ын чуулган 60 гишүүний ирцтэйгээр эхэлж, 82 хувийн саналаар дээрх хуулийг төслүүдийг баталлаа.